Хятадын компани Казахстаны Абай мужид салхи, нарны төсөл хэрэгжүүлэх санал тавив
БНХАУ-ын "China Energy Engineering Group Xinjiang Electric Power Design Institute" компаниас Казахстаны Абай мужид сэргээгдэх эрчим хүчний хоёр томоохон хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх санал гаргалаа. Уг саналыг Абай мужийн захирагч (Аким) Берик Уали болон Хятадын хүрээлэнгийн ерөнхий захирал Ма Ён тэргүүтэй төлөөлөгчдийн албан ёсны уулзалтын үеэр танилцуулсан байна.
Төслийн саналд Жарма дүүргийн Жангизтобе тосгоны ойролцоо 100-200 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай салхин цахилгаан станц барих, түүнчлэн Аягоз дүүргийн Актогай тосгоны орчимд үйлдвэрлэлийн зориулалттай нарны фотоцахилгаан станц байгуулах ажлууд багтжээ. Эдгээр станцуудыг барьж байгуулснаар орон нутгийн нэгдсэн сүлжээнд цэвэр эрчим хүч нийлүүлж, зүүн Казахстаны цахилгаан дамжуулах шугамын ачаалал түгжрэлийг бууруулах зорилготойг Trend News Agency тэмдэглэв.
Хэлэлцүүлгийн үеэр өсөн нэмэгдэж буй үйлдвэрлэл, хотын хэрэглээг хангах, бүс нутгийн цахилгаан эрчим хүчний дутагдлыг бууруулахад гадаадын хөрөнгө оруулалт чухал үүрэгтэйг онцолсон байна. Төслийг цаашид хэрэгжүүлэх хүрээнд станцуудыг сүлжээнд холбох цэгүүд болон барилга угсралтын хуваарийг нарийвчлан тодорхойлох техникийн үнэлгээ, байршлын судалгааг үргэлжлүүлэн хийхээр тогтжээ.



