Цахилгаан хөдөлгүүртэй жийп машиныг нарны хавтан ашиглаж ₮120 мянгаар бүрэн цэнэглэнэ

"MMS Engineering" ХХК нарны хавтан болон батарей ашиглан ажиллах “NEXUS EV STATION – ТАСГАН” төслийг Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт ашиглалтад орууллаа. Уг станцыг 6,650 метр квадрат талбайд бүтээн байгуулсан бөгөөд олон улсын ногоон барилгын LEED Gold стандартын шаардлагад нийцүүлэн шийджээ. Техникийн хүчин чадлын хувьд 410 киловаттын суурилагдсан чадал бүхий нарны хавтан, 300 киловаттын инвертерийн систем, 430 киловатт-цагийн батарей хуримтлуурын системээс бүрдэж байна. Мөн 720 киловаттын суурилагдсан хүчин чадалтай дөрвөн цахилгаан автомашин цэнэглэх түргэн хошууг станцад суурилуулсан байна. Энэхүү систем нь автомашины багтаамжаас хамааран нэг тээврийн хэрэгслийг 15-45 минутын хугацаанд бүрэн цэнэглэх боломжийг бүрдүүлсэн аж. Том оврын жийп машины банк 400 мянган төгрөгөөр бензин авч дүүрдэг бол цахилгаан хөдөлгүүртэй жийпийг нарны станцаас 120 мянган төгрөгөөр бүрэн цэнэглэнэ гэдгийг инженер М.Батмөнх тодотголоо. Монгол Улс 2030 он гэхэд цахилгаан тээврийн хэрэгслийн тоог 30 мянгад хүргэх зорилт тавьж байгаатай уялдуулан нийт 111 байршилд ийм цогцолбор байгуулна. Төслийн хүрээнд 83 цэгийг орон нутгийн авто замууд, аялал жуулчлалын бүс, боомтуудад, 28 цэгийг нийслэл хотод байгуулахаар төлөвлөжээ. Ингэснээр хөдөө орон нутгийн замуудад 120 цэнэглэх цэг байршиж, цахилгаан автомашинаар улс даяар төвөггүй зорчих боломж нээгдэх юм.




