НОГООН ХУВЬСГАЛ ЭХЭЛЛЭЭ: Цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх үндэсний дэд бүтцийн хөтөлбөр албан ёсоор эхэллээ

Улаанбаатар хотын Худалдааны танхим болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хамтран “Ногоон өртөө” санаачилга, түүний хүрээний “Цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх дэд бүтцийн хөтөлбөр”-ийг орон даяар албан ёсоор эхлүүллээ. Төслийн хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар нийслэл хот болон 21 аймгийн төв, стратегийн авто замуудыг холбосон 500 орчим түргэн цэнэглэх станц бүхий үндэсний анхны ногоон коридорыг бүтээн байгуулахаар төлөвлөснийг iKon.mn мэдээлэв.
Хөтөлбөрийн албан ёсны нээлтийг төр, засгийн удирдлагууд 32-ын тойрог дахь авто зогсоолоос зарласан бөгөөд COP17 чуулганы Ногоон бүсийн талбайд Нийслэлийн удирдлагууд болон 300 гаруй зочид төлөөлөгчдөд танилцуулсан байна. Төслийн эхний шатанд 13 байршилд нийт 30 өндөр хүчин чадалтай түргэн цэнэглэгч суурилуулснаас 32-ын тойргийн 8 цэнэглэгч бүрэн ашиглалтад ороод байна.
Энэхүү дэд бүтцийн сүлжээ нь зөвхөн цэнэглэгч байршуулаад зогсохгүй эрчим хүчний салбарын ачааллын зохицуулалтад бодит хувь нэмэр оруулах давхар зорилготой юм. Тодруулбал, шөнийн бага ачааллын цагаар Дулааны цахилгаан станцуудын үйлдвэрлэсэн, ашиглагдахгүй хаягддаг эсвэл хямд үнээр гадагш экспортлогддог илүүдэл эрчим хүчийг эдгээр 500 станц хуримтлуулагч маягаар шингээж авах боломж бүрдэнэ.
Ингэснээр шөнийн горимын тэнцвэрийг хангаж, дотоодын эрчим хүчний үйлдвэрүүдэд эдийн засгийн бодит ашиг орлого төвлөрүүлэх нөхцөл бүрдэж байна. Цаашид төсөл хэрэгжүүлэгчид дэд бүтцийг улам өргөжүүлж, цахилгаан автомашины хэрэглээг дэмжих замаар нийслэлийн агаарын бохирдол болон шатах түлшний импортын хамаарлыг бууруулахаар зорьж байна.




